Tuesday, December 9, 2014

gag


Амьдралын цаг агаар

Энэ нэг залуутай ханилан суугаад 8н жилийг ардаа хаяжээ. Анх бөөн баяр хайр дурлал мандтугай, хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй, би л жаргалтай байвал, энэ залуу л надад аз жаргалыг өгнө, миний төлөө л бол тэнгэрээс ч од шүүрээд өгнө гэж бодож, найдаж баярлаж явсаар 2-3н жилийг өнгөрөөсөн. Тэнгэр ч цэлмэг байж, нартай сайхан өдрүүд үргэлжилсээр ... Дандаа л тэнгэр цэлмэг байна гэж бодож амьдарч байтал ...

4-6 дахь жил рүү бороо ороод л, цас ороод л, шуураад л эхэлдэг юм даа. Би ч өөрийн дураар байж, хань маань ч өөрийн дураар Бид 2 яг л хоёр сөрөг цэнэг шиг бие биенээсээ дүрвэж, залхаж, уйдаж таалагдах зүйл нэг ч үгүй болов. Миний амнаас гардаг үгс "Больё, салья, бүтэхгүй нь..." Ханийн амнаас гардаг үгс "Юу гэсэн үг юм?" Ер нь цэлмэг тэнгэр, нарлаг дулаан өдрийн тоо багасч салхи шуургатай бороо цастай өдрийн тоо ихсэв. Гэхдээ бусдын нүдэнд их сайхан харагдана. Сайхан хос, Баагий ах та 2 ер нь мууддаггүй байх тээ гэсэн үгс сонсоно.

7-8 дахь жил рүү ороод ирсэн чинь цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэж, таамаглаж, цув хэрэгтэй үед цув, шүхэр хэрэгтэй үед шүхэр, халуунд нимгэн, хүйтэнд зузаан хувцаслаж сурч эхлэв. Цас бороо, салхи шуургатай өдрүүд, цэлмэг тэнгэртэй нарлаг өдрүүдийн тоо тэнцүү тал руугаа оров. Хоёр биенийхээ аашийг урьдчилан мэдэрч арга хэмжээнүүдийг авч сурч байна гэсэн үг л дээ. Бас бие биендээ жаахан уусч эхлэв. :))

Гэхдээ л одоогоор болоогүй л байнаа. Амьдралын цаг агаарт дасан зохицож, суралцсаар л явна. Үхэн үхтлээ л сурах байх даа. Цаг агаар хүн бидний дааж давж чадах хэмжээнд хүртэл өөрчлөгддөг шиг амьдрал яг л хүн бидний дааж давж гарч чадахуйц асуудлыг бидэнд зөвшөөрдөг.

Асуудал ихтэй, шийдэх зүйл өмнө тань их тулгарах тусам та хүчирхэг байна гэсэн үг.